Sunday, March 22, 2015

Би хэн бэ

Би. 
Дэлхий дээр зургаан тэр бум хүмүүн уйлж, инээж, уншиж, бичиж, дуулж, бүжиглэж, бодож, сэтгэж, алдаж, онож яваагийн нэг нь би. Энэ олны дундаас өөрийгөө бас бусдыг мэдрэн амьдрана гэдэг сонирхолтой бөгөөд их авъяас шаардсан хэрэг бололтой.Би, оршин байна гэдэг юутай аз вэ? Хэнээс ч, юунаас ч хараат бус сэтгэж чадаж байгаа нь хэний өгсөн, эсвэл хаанаас ирсэн шагнал вэ? Юу дуртайгаа бодож, мөрөөдөж чадна гэдэг хязгааргүй сайхан. Гэхдээ энэ их бодол, хүрээлэн буй орчин, хүсэл мөрөөдлөөрөө бахархаад амьдрах энэхэн нас минь даанч богинохон. Гүн хөх тэнгист хөвж яваа мөрөөдөгч хөлөг хэзээ эрэгт тулах вэ? Урсгал дагаж гэлдэрсээр эзгүй аралд хүрэх үү? Холын хол дахь мөрөөдлийн эрэгтээ хүрхийн тулд бүх хүчээрээ сэлүүрдхүү? Энийг зөвхөн хөлгийг жолоодогч ахмадын нь л мэдэх хэрэг. Сайхан бүхэнд хүрэхэд яагаад заавал удаан бөгөөд тэвчээр шаардагддаг юм болоо. Сайхан хэмээгч нь бас юу вэ? Би ингээд л хорвоотой дөнгөж танилцаж буй балчир хүүхэд мэт үй түмэн асуултаар өөрийгөө булж, өөртэйгээ хөөрөлдөн байж хүн болж төрсөн энэ л хорвоо дэлхийгээс өөрийгөө угтаа хэн болхыг хайлаа. Өөрийгөө хэн гэдгээ гүйцэт судалж мэдээгүй байж өөрсдийгөө өндөрт өргөмжилсөн хүмүүс бас байх юм. Энэнээс л чухам би бас та хэн бэ хэмээх асуулт урган гарна? Хорвоогоос би өөрийгөө хайлаа: Хувь заяатай юмаа хүн болж төрчихөөд дэлхий дээр амьдарч байх юм. Дэлхийгээс нэхэн хайлаа: Суу билэгт баатрын нутагт S нэртэйгээр мэндэлсэн байх юм. Нийгмээс би өөрийгөө хайлаа: Нилээн будилж байж оллоо дөнгөж 1-р курсын оюутан байх юм. Цааш нь би үргэлжлүүлэн өөрийгөө өөрөөсөө хайлаа: Гэвч үүн дотроос энгийн би байтугай эрдэмтэн мэргэд хүртэл өөрийгөө ололгүй төөрсөн байх юм…? Яг үнэндээ би хэн гэдгээ мэдэхээсээ айдаг. Хоосонцэцэрхэгч, худалаа томрогч, хэнэггүй нэгэн байвал яах билээ. Мэдсэн, мэддэгээ тунгаан үзэхэд гарцаагүй эрэмдэг нэгэн болж таараад байдаг. Уужим сэтгэгчдийн бичсэн, ярьсан бүхэн гэгээтэй хэрнээ хатуу бас хол санагддаг. Би заавал тэдний замаар явах ёстой юу? Надад өөрийн гэсэн амьдралын зам байхгүй гэж үү? Үгүй дээ! Надад зорилго, тэмүүлэл, мөрөөдөл хамгийн гол нь гэрэлт сайхан ирээдүй байна. Хатууг давж холыг зорих тусам л би өөрийгөө олохоос, мэдрэхээс айхаа больно.

No comments:

Post a Comment